2012-01-04
Оршил
Металлургийн салбарт төмөрлөгийг хар болон өнгөт гэж ангилна.Тэгэхээр бид хар төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглагдах төмрийн хүдэр, түүний боловсруулалтын талаар товч ойлголтыг энд дурдана.
Төмрийн хүдэр

Органик болон органик биш гаралтай байгалийн эрдэс бодисыг ашигт малтмал гэж нэрлэнэ. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулахад эдийн засгийн үр ашиг өгөх металл болон тэдгээрийн нэгдлийг агуулсан эрдэс эсвэл уулын чулуулгийг хүдэр гэнэ. Хүдрийг ихэвчлэн агуулагдаж байгаа металлын нэрээр нэрлэнэ. Жишээ нь: Төмрийн, зэсийн, хөнгөнцагааны, зэс- никелийн, зэс-кобальт-никелийн гэх мэт

Байгаль дээр хамгийн өргөн тархсан элементүүдийн нэг нь төмөр юм. Газрын хөрсөн дэх агуулгаараа 4-р байр (4,2%) эзэлдэг. 

Төмөр. Төмрийг агуулдаг үндсэн эрдсүүд нь гематит, магнетит (соронзон гүр), лимонит (төмрийн усан исэл), шамозит, тюрингит, сидерит болно. Хэдэн арван сая тонноос багагүй металл агуулсан бөгөөд гүнзгий бус байрлалтай (ил аргаар олборлох боломжтой байх) төмрийн хүдрийн орд газрыг үйлдвэрлэлийн зориулалттай гэж нэрлэдэг. Томоохон орд газруудад төмрийн агуулга нь хэдэн зуун сая тонноор хэмжигдэнэ.                                                   

Төмрийн хүдрийн дэлхийн нийт олборлолт 1 тэрбум тонноос давна. Хүдрийн ихэнхийг (сая тонноор) Хятад (250), Бразили (185), Австрали 140 гаруй), Орос (7Cool, АНУ болон Энэтхэг (тус бүр 60) болон Украин (45) улсууд олборлодог. Мөн тэрчилэн Канад, ӨАБНУ, Швед, Венесуэл, Либери болон Франц улсууд ихээхэн хэмжээний төрийн хүдрийг олборлодог байна. Түүхий хүдрийн (баяжуулаагүй) дэлхийн нөөц нь 1400 тэрбум тонн бөгөөд үйлдвэрлэлийн нөөц нь 360 тэрбум тонн болно.
    АНУ-д төмрийн хүдрийг ихэнхидээ Дээд нуурын районд олборлодог ба эдгээрийн ихэнх хэсэг нь Месаби район дахь (Миннесота муж) төмөрлөг кварцитийн (таконит) орд газар орох бөгөөд 2–р байрт Мичиган муж улс орно. Калифорни, Висконсин, Миссури муж улсуудад төмрийн хүдрийг бага хэмжээгээр олборлодог байна.    ОХУ-ын төмрийн хүдрийн нийт нөөц нь 100 гаруй тэрбум тонн бөгөөд 59%-нь нутгийн Европын хэсэгт, 41%-нь Уралаас зүүн тийш байрлалтай. Украин улсын Криворогийн төмрийн хүдрийн сав газарт ихээхэн хэмжээний олборлолт явуулдаг. Төмрийн хүдрийн экспортын хэмжээгээр Австрали улс дэлхийд тэргүүлнэ (143 сая тонн). Тэдний хүдрийн нийт нөөц 28 тэрбум тонн. Олборлолтыг ихэнхидээ (90%) Хаммерслийн дүүрэгт (баруун Австрали) хийдэг. Хоёрдугаар байрыг Бразили улс (131 сая тонн) маш том баялаг ордуудаараа эзлэх ба ихэнхи нь Минас-Жирайсын төмрийн хүдрийн сав газарт төвлөрдөг байна. Марганц. Марганцыг ган болон ширэмний хольцийг гаргаж авах, мөн тэрчилэн тэдгээр хайлшуудыг хатуу, бат бөх, зууралдамтгай шинжтэй болгох зорилгоор ашиглана.     (19.9%), Казахстан (7.3%), Габон (4.7%), Австрали (3.5%), Хятад (2.8%), Орос (2.7%) улсуудад байдаг. Бразиль болон Энэтхэгт марганцыг ихээхэн хэмжээгээр үйлдвэрлэдэг. Хром. Хром нь халуунд тэсвэртэй, шүлтэнд идэгдэдгүй үл зэврэх ганг гаргаж авах үндсэн бүрэлдүүнд нь ордог. 15.3 тэрбум тонн өндөр зэрэглэлийн хромын хүдрийн дэлхийн таамаг нөөцийн 79% нь ӨАБНУ-д ногдох ба Казахстан, Энэтхэг, Турк зэрэг улсууд их хэмжээгээр олборлодог байна. Мөн тэрчилэн Армени улс их хэмжээний нөөцтэй бөгөөд Орос улс Уралд бага хэмжээгээр олборлодог.
     Харин Монгол улсын хувьд
өнөөгийн байдлаар төмрийн 17 орд, 100 орчим илрэл тогтоогдсон байна. Төмрийн орд илрэлүүд нь доорх төрөлтэй байдаг.

1. Үеллэг тогтоцтой суурилаг ба хэт суурилаг чулуулаг дахь Ti-Fe Мөст уул,
2. Бялхмал тунамал галт уулын эксгляц тунамал /SEDEX volcanogenic sedimentary Fe/, Цагаан гол,
3. Скарны Fe (Fe Zn, Cu, W, Sn) bearing scarn; Төмөртэй, Төмөртолгой, Баянгол, Оорцог, (Fe, Sn), Богдын рашаан,  (Fe, Sn), Төмөртэйн овоо (Zn-Fe), Баян дун.
4. Тунамал Fe(Mn), (sedimentary Fe (Mn) Эрдэнэцогт
5. Төмөрлөг кварцит (ferriginous quartzite (Jaspilite); Төмөр чулуут Тамир гол, Навчит гол,
6. Гранитоидтой холбоотой судал штокверк (метасоматит Fe), (stockwork metasomatite Fe related to granitoids); Бууцагаан, Элст уул,
7. Магнетитийн шороон хуримтлал (Native magnetite) зэрэг болно. Манай оронд төмрийн шороон орд илрээгүй болно.

Харганатын төмрийн орд: Орд нь Улаангом хотоос зүүн ургаш 45 км-т байрлана. Девоны боржин дотрох үлдэгдэл ксенолит шохойн чулуунд агуулагдсан эпидот гранатын скарнд төмрийн хүдэр тогтоогдсон. Хүдэртэй бүсийн урт нь 125т, өргөн нь 150-250м. Хүдрийн 2 биеттэй, 43,7 мян.м2 талбайд 27-38,6м гүн үргэлжилнэ. Скарнд хүдэр нь магнетит, гематит, сульфидтэй байна. Төмрийн агуулга 48-67%, манган 0,1-0,4%, фосфор 0,75% хүртэл орсон ба нөөц нь 3,9 сая тонн байна.

 Шивэйн голын төмрийн илрэл: Улаангом хотоос ургашаа 60км зайд авто зам өндөр хүчдлийн шугамын дэргэд Шивэйн голын хойд хажууд байрлана. Энд скарнжсан габбро сиенитийн биетийн гадна орших девоны бялхмал андезит-вулканит дотор төмрийн хүдрийн 15 биет тогтоогдсон. Биетийн урт 10-100м, зузаан 0,8-5м, төмрийн агуулга 32-59,6% ба таамаг нөөц нь 3-3,5 сая. тонн байна.

 Төмөр чулуутын төмрийн орд: Орд нь Увс аймгийн Хяргас сумын нутагт байрлана. Энд протерозойн гранат-биотиттой талст занар зэрэг хувирмал чулуулаг дотор магнетиттэй кварцитын 5-60м зузаан давхарга линз байгааг Д.Тогтох тогтоосон. Кварцитэт магнетитийн 50-200м урт биетүүд нь 17км урт зурвас хэсэг илэрсэн. Хүдэрт төмөр 24-41%, фосфорын исэл 0,05-3,26% орсон бөгөөд таамаг нөөц нь 18 сая тонн байна.

 Баян Айргийн төмрийн илрэл: Илрэл нь Завханмандал сумын нутагт оршино. Энд протерозойн хувирмал чулуулаг дотор магнетит-гематит бүхий кварцитын үе давхрагууд тогтоогдсон байна. Төмөртэй кварцитэд төмөр 38,6% хүртэл, алт 0,1г/т, мөнгө 1,5г/т, зэс 0,01-0,08% агуулагдсан байна. Илрэл нь төмөр, зэс алтны потенциал хүдэржилттэй 6 сая. тонн төмрийн 1 сая. тонн орчим зэсийн нөөцтэй. Цаашид энд алтны хүдэржилт тогтоогдох боломжтой байна.

 Алаг-Эрдэнийн төмөр-зэсийн илрэл: Илрэл нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт оршино. Энэ илрэл нь девоны монцонит чулуулгийн биет дээр үлдэгдэл ксенолит үүсгэсэн доод кембрийн шохойн чулууны эргэн тойрны хил заагийн хэсэгт скаполит агуулсан пироксен –гранатын найрлагатай скарн агуулна. Скарн нь 2-13м зузаантай, дэргэд нь байрласан хүдэртэй скарн нь 0,1-2м зузаантай байна. Скарны хүдэржилттэй хэсэгт магнетит, гематит, пирротин халькопирит, пирит агуулагдана. Энд төмрийн хүдэржилтийн дараа кварцжих үзэгдэлтэй холбогдож пирит, халькопирит, сфалерит үүссэн байна.

 Богдын рашааны төмрийн орд: Орд нь Улиастай хотоос зүүн хойш 60км зайд байрлана. Энд дунд кембрийн гранодиоритийн дотор 3км2 талбайд шохойн чулууны ксенолитэд агуулагдсан скарны 17 биет тогтоогджээ. Скарны биетийн урт нь 30-300м, зузаан нь 3-15м байна. Скарн нь диопсид ба диопсид-гранатын найрлагатай, мөн амфибол, тремолит, карбонат, эпидот, барит орно. Хүдэр нь цул магнетит бөгөөд түүний биетийн гаднах хэсэгт шигтгээт магнетит тохиолдоно. Энэ илрэлийн магнетиттэй скарнд төмөр 48-55,2%, манган 0,77%, цагаан тугалга 0,05% хүрнэ. Хиймэл шлихийн сорьцлолтоор касситерит 2кг/т хүртэл тогтоогдсон боловч нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Богдын рашааны ордын төмрийн хүдрийн ордын таамаг нөөц нь 150м хүртлэх гүнд 60 сая тонн байна. Цаашид төмөрлөг ба касситеритийн тархалтыг судлах шаардлагатай.

 Загастын төмрийн илрэл нь: Идэр голын эхэнд байрлана. Гүний геологийн тогтоц болон хүдэржилтийн төрөл, найрлага нь Богдын рашааны ордынхтой ижил байна. 

 Бууцагааны төмрийн илрэл: Илрэл нь Бууцагаан сумын төвөөс зүүн хойш 10км зайд байрлана. Энд карбоны гранодиорит дээр байрласан протерозойн шохойн чулууны ксенолит тохиолдоно. Хүдэржилт нь шохойн чулуу дотрох 750 х 250м талбайд тархсан магнетитийн 14 судлын биетээс тогтоно. Магнетит нь судал, линз хэлбэртэй, 6-300м урт, 0,3-4,5м зузаантай байна. Хүдэр нь цул нягт, шигтгээт текстуртэй, халькопиритийн хольц шигтгээ агуулсан байна. Хүдэрт төмөр 48,7% хүртэл, зэс 0,01-0,83% агуулагдана.

 Тамир голын төмрийн орд: Орд нь Архангай аймгийн Түвшрүүлэх сумаас хойш 16км-т оршино. Тамир голын ордыг анх Ю.А.Борзаковский, В.Ф.Карасев нар дараа нь Ю.В.Попов, В.Шамраев, О.Гүржав нар судалсан. Тамир голын орд нь неопротерозойн занар, талст занар, кварцит бүхий хувирмал чулуулаг дотор орших бөгөөд хоорондоо 5-7км зайтай байрласан Хойт, Төв, Өмнөт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Тэдгээр нь мөнгөнцээж формацын хлорит-кварц-биотиттэй ногоон саарал өнгөтэй занар дотор орших гематит -магнетит, магнетитын хүдэржилттэй кварцитын үе давхаргаас тогтоно.

Хойт хэсэг. Хойт хэсэг нь Агуйтын шовх толгойн хэсэгт оршино. Хойт хэсэгт БХ суналтай хлориттэй занар дотор агуулагдсан төмөрлөг кварцитын 13 биет илэрсэн бөгөөд тэдгээрийн урт нь 600м, зузаан нь 40м хүрнэ. Хүдрийн биетүүд ЗХ чигт 50-80° уналтай байна. Хүдрийн биетүүд нь гурван зурвас бүсийг үүсгэх бөгөөд түүний зүүн-хойт зурвас нь хамгийн их хүдэртэй байна. Тэнд соронзонгийн хамгийн хүчтэй гажил тогтоогджээ. Төмрийн хүдэр нь хар-бараан өнгөтэй, цул нягт болон зурваслаг текстуртэй магнетит, магнетит-гематит, магнетит-сульфидын найрлагатай байна. Сульфид нь пирит, пирротин, халькопирит байна. Хүдэр дэх төмрийн дундач агуулга 45.69%, хүхэр-4.75%, фосфорын исэл 2,64% байна. Энэ үзүүлэлтээр хүдэр дэх хортой хольцын хэмжээ их байна.    

Төв хэсэг. Төв хэсэг нь хойт хэсгээс ЗУ 135° чигт 6км зайнд Ягаанхад толгойгоос ЗХ, Мөнгөнцээж толгойгоос БУ хэсэгт оршино. Төв хэсэгт 1977 онд эрэл- хайгуулын ажил хийжээ. Энэ орчимд серицит-хлориттай занар дотор БХ 320° суналтай төмөрлөг кварцитын үе давхаргууд илэрчээ. Хүдрийн биетийн урт 50-200м, зузаан нь 0.5-5м хүрнэ. Хүдэрт хар-бараан өнгөтэй мартитжсан магнетит, гематит оролцоно. Хүдэрт төмөр 32.01-52.37%, хүхэр 0.17-0.79%, фосфорын исэл 1.65-3.70% орно.


Зүүн өмнөт хэсэг. Тамирын голын төмрийн ордын зүүн-өмнөт хэсэг нь төв хэсгээс зүүн-урагш 140° чиглэлд 5.5км зайнд Шовх толгойгоос баруун тийш 1700м зайнд оршино. Өмнөт хэсэгт 1978 онд В.И.Шамраев, О.Гүржав нар геологи-геофизикийн хайгуулын судалгаа явуулж, соронзонгийн 250 х 20м тортой хэмжилт, түүнтэй хосолсон геологийн маршрут хийжээ. Мөн хүдрийн биетүүдийг огтолсон суваг малталт, баганат өрөмдлөгийн 10 цооногоос бүрдэнэ. Энд мөнгөнцээж формацын ногоовтор саарал өнгөтэй кварц-хлорит-серициттэй, хлориттэй занар дотор агуулагдсан магнетит, кварцитын мишэл үе давхарга тохиолдоно. Төмөрлөг кварцитууд нь хүдрийн биетүүд болно. Чулуулаг нь ихэвчлэн өргөрөгийн дагуу суналтай бөгөөд баруун-хойш, эсвэл уртрагийн дагуу суналтай тектоник хагарлуудаар хэрчигдэж блоклог нийлмэл тогтоцыг үүсгэсэн байна. Өмнөт хэсэгт төмрийн хүдрийн 6 биет ялгасан байна. Тэдгээр нь ихэвчлэн БУ чигт 40-50° уналтай байна. Хүдрийн биетүүдийн урт нь 150-400 м зузаан нь 5-30 м хүрнэ. Биетүүд нь үе давхарга хэлбэртэй байна. Хүдэр нь ягаавтар, улаан-хүрэн кварцитад агуулагдсан хар-бараан өнгөтэй магнетит, гематитээс бүрдэнэ. Хүдэрт төмөр дунджаар 41.93%, хүхэр 1.23% Р2О5-2.3% агуулгатай байна.

 Мөнгөнцээжийн төмрийн илрэл: Уг илрэлийг 1987 онд П.Хосбаяр нар илрүүлж 3 суваг малтжээ. Илрэл нь Тамирын голын ордын төв хэсгээс зүүн-хойш (75°) чиглэлд 8 км зайнд 1544.1 м өндөрлөгт Хашаат толгойн хажууд оршино. Илрэл нь баруун -хойш 330°-ын суналтай хувирмал талст занар дотор байрласан магнетит-гематитын хүдрийн биетүүдээс тогтоно. Хүдрийн биетийн урт 100-250м, зузаан нь 0.4м байна. Хүдэр нь хар-бараан өнгөтэй магнетит, гематитаас тогтох бөгөөд тэдгээр нь лимонитжсэн байна. Хольц байдлаар ильменит агуулагдана. Хүдэрт төмөр 32.10-52.37%, хүхэр 0.17-0.79%, фосфор 1.65-3.07% агуулагдсан байх бөгөөд хүдрийн чанар сайнгүй байна. Мөнгөнцээжийн илрэл нь хэмжээ багатай тул өнөөгийн нөхцөлд практик ач холбогдолгүй болно. Ордын хэмжээнд төмрийн 56,3 сая т нөөц тогтоогджээ. Мөн энд байгаа 2 жижиг илрэл нь төмөр голын ордын бүлэгт багтана.

 Цагааннуурын төмрийн хэсэг: Эрдэсжсэн цэг нь ижил нэртэй нуурын урдах толгодод оршино. Энд 1987 онд П.Хосбаяр нар 3 суваг малтаж 2ш штуфын сорьц авч төмрийн агуулга тодорхойлуулсан. Эрдэсжсэн цэг нь хлориттай занар дотор байрласан магнетит, гематит агуулсан кварцитын үе давхаргаас тогтоно. Хүдрийн биетийн урт 20-100м хүрэх ба зузаан нь 0.5-2.0м байна. Хүдэрт төмөр 30.7%, фосфор 2.4%, хүхэр 0.7% агуулагдах ба чанар муутай байна.

 Худаг байшингийн төмрийн орд: Орд нь Туул голын сав газарт Захцагийн уулын урд энгэрт оршино. Ордын талбайд доод кембрийн шохойн чулуу ба гранит порфирын дайкийн хил зааг орчимд өргөрөгийн дагуу суналтай 900м урт, 30-80м өргөн хүдэржилт бүхий бүс тогтоогджээ. Энд Михайлов нар төмрийн хүдрийн 15 бие ялгасан нь 15-50м урт, 2-6м зузаан линз маягийн хэлбэртэй байна. Хүдрийн биетэд цул ба элбэг шигтгээт магнетит–гематитийн бөөгнөрөл агуулагдана. Хүдэрт төмөр 66,7% , фосфор 0,04% агуулагдах ба 10м гүнд тооцсон төмрийн таамаг нөөц 60 мян.т байна. Захцаг уулын илрэл нь энэ ордын баруун урагшаа 3,5км зайнд орших ба лейкократгранит ба шохойн чулууны хил заагт агуулагдсан магнетитийн хүдрийн биет агуулна. Хүдрийн биетүүд нь линз хэлбэртэй, 20-50м урт, 0,5-2м зузаан, төмрийн 68,5% агуулсан байна. Төмрийн таамаг нөөц нь 20 мян .т.

 Төмөр толгойн төмрийн орд: Орд нь Дархан хотоос зүүн тийш 30км –т оршино. Энэ ордыг Н.Гилева, В.Малышев, И.Полыщук нар 1960 онд судалсан байна. Төмөр голын орд нь неопротерозойн талст занар, шохойн чулуу, доломит, гялтгануурт занар бүхий дархан формацын хурдас ба дунд кембрийн диорит, гранодиорит, граносиенитийн контактын хэсэгт байрласан скарны магнетитийн хүдрийн дөрвөн том биетээс тогтоно. Скарн нь пироксентэй /салитийн/ төрөлд орох ба бага зэрэг гранаттай скарны чулуулаг элбэг тохиолдоно. Найрлага нь амфибол, хлориттой, биотит-флогопит-скаполиттой, скаполит- серпентинтэй байна. Скарны биетийн дотор шигтгээт хүдэр, төв хэсэгт нь баян агуулгатай цул хүдэр тохиолдоно. Скарнжсан чулуулагт альбит, кварц, серицит, эпидот, флюорит, мусковит, үсэрхэг серпентин зэрэг эрдсүүд ховор тохиолдоно. Хүдрийн биетүүд нь зүүн хойш суналтай, хагаралд хянагдаж байх ба тэдгээрийн урт нь 50-400м, зузаан нь 6-150м, гүн рүүгээ 150-220м үргэлжилнэ. Биетүүд нь ихэвчлэн зүүн урагшаа уналтай байна.  Төмөртэйн орд дэх хүдэрт дунджаар төмрийн 57,19% агуулгатай. Нөөц 25,05 сая.тн байна. В.Тараниний тогтоосноор ордыг ил аргаар 800м горизонтоос эхлээд доош 200м хүртлэх гүнд ил аргаар ашиглах болно.  Хүдрийн биетийн тодорхойлолт Төмөртолгойн төмрийн орд нь далайн түвшинээс дээш 1057.5м өндөрт орших Төмөртолгой хэмээх уулын орой болон бэлийг даган байрладаг байна. Төмөртолгойн төмрийн орд нь 7 хүдрийн биетээс бүрдэх бөгөөд Зүүн, Төв болон Баруун гэсэн 3 хүдрийн биет нь харьцангуй хэмжээ томтой, "Зэрэгцээ" хүдрийн биет нь хэмжээгээр том биш, үлдсэн 3 нь илрэл маягийн биетүүд байна.

Зүүн хүдрийн биет. Уг хүдрийн биет нь хэд хэдэн тахиралдсан линз хэлбэртэй зүүн хойш сунаж тогтсон ба зүүн урагш 44°-48°-аар унажээ. Хүдрийн биет нь төв болон зүүн хойд үзүүртээ 1-ээс 3.5м хүртэл хоосон чулуулаг агуулсан байна. Зүүн хүдрийн биет нь 6.5м-ээс 53 м зузаантай. Хүдрийн биетийн зузаан нь доошлох тутам багасаж 2-3 хэсэгт хуваагдана. Хүдэр нь   ерөнхийдөө шигтгээлэг болон бага шигтгээлэг үеүд бүхий магнетитээр баян хүдэртэй болно. Хүхрийн хэмжээ нь хүдрийн исэлдэлтэй хамааралтай учраас Зүүн хүдрийн биетийг бага хүхэртэй, хүхэрлэг гэж хоёр ангилж болно. Бага хүхэртэй хэсэг нь 26-36м хүртэл гүнд оршино.

Төв хүдрийн биет. Төв хүдрийн биет нь гадаргуу дээр гарч ирж тогтсон байна. Хүдрийн биет нь нилээд нарийн тогтоцтой бөгөөд үндсэндээ линз хэлбэрийн 2 биетэд хуваагдана. Хүдрийн биетүүд зүүн хэсгийн гадаргуудаа нэгдэж нэг болно. Хүдрийн биет нь зүүн болон зүүн хойш чиглэн 150м сунаж, урагш болон зүүн урагш 62°-67°-аар налж унасан байна. Хүдрийн биетийн хэвтээ зузаан хамгийн ихдээ 55м хүрэх ба хүдрийн биетийн жинхэнэ зузаан 30-35м-ээс ихгүй байна. Хүдрийн биетийн дотоод бүтэц нилээд нарийн бөгөөд ихэнх хэсэг нь цул биет байхад бага хэмжээтэй шигтгээлэг хэсэг, хил хязгаартаа бага зэрэг шигтгээлэг хэсгүүдтэй. Хүдрийн биет нь гүн рүүгээ нарийсч аажимдаа шувтардаг.

Хүдрийн биет нь бага хүхэртэй, хүхэрлэг гэсэн 2 төрлийн хүдрээс бүрдэнэ. Бага хүхэртэй буюу исэлдсэн хүхэр нь хэвтээ биетэд 20-40.8м, босоо биетэд 24-38.35м хүртэл гүнд тус тус оршино.

Баруун хүдрийн биет. Төв хүдрийн биетийн үргэлжлэл болох ба 400м сунаж тогтсон. Энэ орд нь хамгийн том хүдрийн биет юм. Баруун хүдрийн биет дотоод бүтцээрээ ерөнхийдөө нэг төрлийн болно. Хүдрийн биет нь зэрэгцээ орших 2 хэсэг биетээс тогтох бөгөөд бараг өргөрөг дагуу (77-82°) унаж тогтоно. Хүдрийн биетийн унал нь 55°-60°.

Хүдрийн биет нь 950-800 м-ийн далайн түвшинд нилээд өргөсөж зузаан нь 100 м хүрч, сунал дагуугаа тогтвортой байдаг. 800 м-ийн түвшингөөс доош хүдрийн биетийн зузаан тогтворгүй болж огцом буурдаг. 

"Зэрэгцээ"хүдрийн биет. Төв хүдрийн биетээс урагш 100-150м зайд оршино. Хүдрийн биет зүүн хойш чиглэлтэй сунаж, 56°-аар зүүн урагш налж тогтсон байна. Хүдрийн биет нь 6.5-аас 12.6м хүртэл хэвтээ зузаантай байна. Гадаргуугаас доош 25-35м гүнд орших исэлдсэн хүдэр нь 59-64.9%-ийн нилээд баян төмрийн агуулгатай.

 Хүдрийн илрэлүүд: Төмөртолгойн ордод хүдрийн 3 илрэл илрүүлээд, Хүдрийн биет-4, Хүдрийн биет-5, Хүдрийн биет-6 гэж ялгажээ. Илрэлүүдийн тодорхойлолтыг хүснэгт 2.5-д үзүүллээ.

 Орд дахь хүдрийн шинж чанар.  Ордод эрдсийн найрлагаараа 4 төрлийн хүдэр ялгана. Энд хагас мартитжсан, цул нягт магнетит, шигтгээт хүдэр, ядуу шигтгээт хүдэр орно. Магнетитийн хагас мартитжсан хүдэрт төмөр 50%-иас их, шигтгээт хүдэрт 30-50%, ядуу шигтгээт хүдэрт 20-30% байна. Хүдрийн текстур нь цул нягт, нунтаглагдсан, нүх сүвтэй, цул нягт зурваслаг, шигтгээт, брекч, хялгасан судалтай. Хагас мартитжсан хүдэр нь зүүн ба төвийн биетийн дээд хэсэгт илэрсэн. Тэдгээр нь газрын гадаргуугаас 20-40м гүнд тохиолдоно. Хүдрийн үндсэн эрдэс нь магнетит болон мартит /80% хүртэл/ бөгөөд гематит маш ховор тохиолдоно. Хүдрийн биетийн дээд хэсэгт гематиттэй хамт лимонит тохиолдоно.

Хүдрийн илрэлүүдийн тодорхойлолт

Үзүүлэлтүүд

Хүдрийн биет-4

Хүдрийн биет-5

Хүдрийн биет- 6

Байрлал

Баруун хүдрийн биетээс  баруун

Баруун биетээс-4-өөс баруун урагш

Баруун хүдрийн биетээс баруун

Сунал

зүүн хойш

зүүн хойш

зүүн хойш

Урт

100м

60-70м

 

Fе, %

40-64

26.5-52.6

 

S %

0.2-0.4

 

 

Хүдэрт хольц байдлаар пирротин Fе6S7 болон пирит FеS2 тохиолдох ба тэдгээр нь хүдрийн найрлагад бага /1%-иас бага/ тохиолдоно. Ховор тохиолдолд халькопирит СuFеS2 болон арсенопирит FеАsS тохиолдоно. Ийм сульфидтэй хүдэрт кобальт 0.002% хүрнэ.


Төмөртэй, Төмөртолгойн ордуудын хүдрийн найрлагa

Орд

Төмөр eрөнхий

S ерөнхий

Р205

SiO2

Аl203

СаO

МgО

Төмөртэй

51.15

0.06-1.73

0.04

3.76-7.2

1.46-3.12

0.94-3.86

1.2-4.58

Төмөртолгой

54.5

0.07-3.88

0.04

5.65-7.92

1.59-3.48

0.68-1.02

2.80-5.46

 

 Төмөртэйн төмрийн орд: Орд нь Дархан хотоос зүүн хойш 95 км зайд Ерөө голын хойд ууланд оршино. Орд нь доод кембрийн шохойн чулуу болон түүнийг зүссэн палеозойн гранитын хил заагт байрласан скарны биетүүдтэй холбоотой үүссэн байна. Хүдэрт скарн нь эпидот-гранаттай, гарант-эпидот- актинолиттой, скаполит, пироксен, магнетит үүссэн байна. Төмөртэйн орд нь "зүүн", "баруун" гэсэн бие даасан 2 хэсгээс тогтдог.

Зүүн xэсэг. Энэ нь дотроо зүүн, баруун, хойт гэсэн хүдрийн биетэд хуваагддаг бөгөөд зүүн, баруун хүдрийн биет нь хэмжээгээрээ нэлээд том юм. "Зүүн" хүдрийн биетийн урт нь 1.3 км, өргөн нь 10-90 м, дунджаар 50-60 м, "Баруун" хүдрийн биетийн урт нь 0.5 км, өргөн нь 12-65 м бөгөөд уналын дагуу 80-100 м гүндээ тогтвортой байна. Харин хойт хүдрийн биет нь харьцангуй бага хэмжээтэй урт нь 60-150 м, өргөн нь 2-3 м-ээс 25 м хүртэл тул гүнд нь судлаагүй.

Баруун хэсэг. Энэ биетийг мөн "хойт" хүдрийн биет ба "өмнөд" хүдрийн бүс гэж ялгана. "Хойт" хүдрийн биетийн урт нь 1.6 км, өргөн нь 20-120 м, дунджаар 50-60 м, биетийн төв хэсгийг 300-350 м гүнд судлахад өргөн нь харьцангуй тогтвортой гэж тогтоогдсон.

"Өмнөд" хүдрийн бүс нь бие биетэйгээ зэрэгцэн, эсвэл цуваа орших 30-400м урттай хэд хэдэн биетээс тогтсон бөгөөд ерөнхий урт нь 1.0 км байна. Ерөнхий зүй тогтлыг авч үзэхэд 12-50м хүртэл гүнд мартит-магнетин ба магнетитын исэлдсэн хүдэр, энэ исэлдсэн бүсээс доош сульфит-магнетийн (хүхэрлэг) анхдагч хүдэр буюу хүхэр багатай анхдагч магнетитийн хүдэртэй гэж тогтоосон. Хүдрийн голлох эрдэс нь магнетитийн хүдэр, бага хэмжээтэй пирротин, пирит, лимонит, гематит, халькопирит, сфалерит, ильменит, азурит, малахит байна. Хүдрийн бус эрдсээс пироксен, гялтгануур, кальцит зэрэг байна. Ордын төмрийн хүдрийн агуулга 30,0%-69,5% дунджаар 51,15% хортой хольцоос сульфидтай холбоотой хүхэр бий. Энэ нь исэлдсэн хүдэрт 0,37 хүртэл дунджаар 0,5%, анхдагч, хүхэр багатай хүдэрт 0,01-0,5%, дунджаар 0,16%-ийн агуулгатай байна (хүснэгт 2.7). Ордын хүдрийг бага хүхэрлэг исэлдсэн, хүхэр багатай анхдагч, хүхэртэй анхдагч гэж ангилна.

Дараах нөөцийн 46,2 хувь нь "зүүн" хүдрийн биетэд, 6,85 хувь нь Баруун хүдрийн биетэд,  46,95 хувь нь "хойт" хүдрийн биетэд байна.

 Урьдчилсан хайгуулын ажлын үр дүнд тогтоосон нөөц

 

Хэсгүүд

 

 

Нөөцийн

зэрэг

Нөөц хүдэр

(мян.тн)

Дундаж агуулга

Төмөр

Хүхэр

Фосфорын

исэл

"Зүүн" хэсэг

С1

С2

-

82466,7 17064,2 99530,9

54,74

54.02

54,02

1,56

1,10

1,10

0,05

0,05

0,05

"Баруун   хэсэг

 

С1+С2

С1

С2

-

54515,8 34304,0

49,81

48,00

49,18

0,81

0,92

0,85

0,04

0,04

0,04

Дүн

 

188350,7

51.15

1,07

0,04

Үүнээс:

Сортоор исэлдсэн

 

Хүхэртэй анхдагч

 

 

18608,3

 

118364,1

 

54,76

 

50,26

 

0,06

 

1,73

 

0,05

 

0,05


      Баянголын төмрийн орд:
Орд нь Ерөө сумын хойт ууланд байрлана. АНУ 1967 онд В.Блюсенцвайгийн хийсэн агаарын соронзон зураглалын ажлаар илэрч, А.Бурылин, В.Логинов нар эрэл хайгуулны ажил хийжээ. Орд нь Баянголын гүний хагарлын Баруун хойт, Зүүн өмнөт гэсэн хоёр салбарласан хэсэгт неопротерозойн карбонат элсэн чулуу, занарлаг чулуулагт байрлана. Хүдэржилтийн бүсүүд нь хөндлөн хагарлаар огтлогдсон байна.

Ордын орчимд дээд кембрийн диорит, гранодиорит, гарнитийн найрлагатай интрузив биет болон хүдэржилттэй дайкууд хөгжсөн байна. Дайкууд нь габбро, микрогаббро, диабаз, микродиоритийн найрлагатай бөгөөд микрогаббро нь хүдрийн биеттэй зэрэгцэж оршино. Ордын БХ хэсэгт 11 км урт  =100 мэ эрчимжилттэй 1400 х 130м хэмжээтэй аномаль, зүүн өмнөт хэсэгт =50 мэ эрчимтэй 3300х 400 м хэмжээтэй аномаль илэрчээ. Газар дээр нь шалгахад линз ба пласт хэлбэртэй 15 хүдрийн биет илэрсэн нь 150-2800м урт, 10-80м зузаантай, зарим нь 200м гүнд үргэлжилнэ. Хүдрийн биетүүд урагшаа 75-85° өнцгийн уналтай. Ордын ЗӨ хэсэгт 2 том магнетитийн хүдрийн биет илэрсэн нь амфибол, пироксен, кварц агуулна. Хүдрийн биет орчимд кварц- эпидот- тремолит- актинолиттой занар тохиолдоно. Хүдэрт төмөр 40-50% орно.

Төв хэсэгт суурилаг чулуулгийн дайк олонтой байх ба тэдгээр нь соронзон аномальтой байна. Баруун хэсэгт 450м хүртэл урттай 3 жижиг хүлрийн ибет илэрсэн ба магнетит нь пирит, пирротин, халькопирит агуулна. Магнетитийн хүдэр нь цул, шигтгээт, зурваслаг, текстуртэй. Хүдэрт төмрийн агуулга 50-52% хүхэр гадаргуйд 0,09-0,54%, гүний хэсэгт 0,14-1,5%, фосфор 0,01-0,14% байна. Баянголын орд дахь төмрийн нөөц С2 зэргээр 110 сая. тн, таамаг нөөц нь 150 сая. тн байна.

 

Навчит голын төмрийн орд: Орд нь Өмнөдэлгэр сумын төвөөс зүүн хойш 60км зайд байрлана. Ордын талбайд неопротерозойн шохойн чулуу болон төмөрлөг кварцитийн үе агуулсан элсэн чулуу занар бүхий хурдас тархана. Ордод 1800х50м хэмжээтэй зүүн өмнөд, 500х20м хэмжээтэй баруун хойт гэсэн хоёр хүдрийн биет ялгана. Хүдрийн яшма кварцитийн биетэд нийцлэг байрласан гематитийн олон тооны нимгэн үе, линз, тогтоогдсон байна.

Хүдэрт төмөр 32-33% агуулагдах ба хортой хольцгүй бөгөөд таамаг нөөц нь 35 сая. тн болохыг О.Литенко тогтоосон байна.

 

Дундговь Өмнөд Хэрлэнгийн бүсийн төмрийн жижиг ордууд

 Тээгийн уулын төмрийн орд: Орд нь Өндөршилийн бүсэнд байрлана. Энд протерозойн филлит занар, шохойн чулуу доторх бречдэд бүхий хагарлын бүсэнд кварц–гематитийн судал, зөв биш хэлбэртэй биетүүд тогтоогдсон. Тэдгээрийн урт нь 30м, зузаан нь 7м хүрэх ба 2км урт бүсэд байрлана. Мөн гематит нь занар дотрох жижиг үе, кварц гематитийн цемент үүсгэнэ. Төмрийн хүдрийн геологийн нөөц 20-30 сая.т байна. Нүхтийн төмрийн орд Гурвансайхан сумаас зүүн хойш 20 км-т байрлана. Протерозойн шохойн чулуу болон гранит порфирийн контактын хэсэгт илэрсэн скарнжсан бүс тогтоогджээ. Орд нь 50-75м2 талбайтай хүдрийн 8 биет олон жижиг биет агуулна. Хүдрийн биет нь линз болон зөв биш хэлбэртэй. Хүдэр нь магнетитэд скарн, эпидот, гематит, лимониттой скарнаас бүрдэнэ. Магнетитийн хүдэр нь шигтгээ, цул шигтгээт текстуртэй байна. Хүдэрт төмөр 57,24% орох ба таамаг нөөц нь 20мян.т орчим байна.

 Хийдийн төмрийн орд: Орд нь Дэлгэр сумаас баруун тийш 48 км–т оршино. Орд орчимд неопротерозойн кварцит, гантиг агуулсан занар, гнейс тархах ба кембрийн габбро, диорит, гранитаар зүсэгдсэн байна. Төмрийн хүдэртэй кварцитийн зузаалаг нь 600-700м зузаантай бөгөөд дотор нь 100-200м урт, 10-20м зузаантай 6 хүдрийн биет агууна. Хүдрийн биет нь зурваслаг магнетит-гематитийн найрлагатай, төмөржиж брекчлэгдсэн кварцит, заримдаа гематитийн цул хүдэр агуулна. Хүдэрт төмөр 32-35%, мөнгө 2-5% агуулна. Хүдрийн нөөц 420 мян.т. байна.

 

Хар өндрийн төмрийн орд: Орд нь Мөнххаан сумаас баруун урагшаа 43км-т оршино. Төмрийн хүдэржилт протерозойн шохойн чулуу ба кембрийн гранитийн контактын скарнд үүссэн байна. Скарны магнетитийн 4 биет илэрсэн нь 50-140м урт, 30-60м зузаантай байна. Хүдэрт төмөр 58,7%, манган 2,35%, хүхэр 0,35 орно. Төмрийн хүдрийн таамаг нөөц 3 сая. тн байна.

 Мөнххааны төмрийн орд: Мөнххаан сумаас баруун урагшаа 12,5 км-т оршино. Орд нь пермийн андезит, дацитийн зүссэн габброид биетэд байрлана. Габбро дотрох гематит магнетитийн хүдэр 15000 м2 талбайд тархах бөгөөд төмрийн 30-40% агуулна. Орд дэх төмрийн таамаг нөөц 1-2 мян.тн байна.

 Оюут Овоогийн төмрийн орд: Дундговь аймгийн Цагаан овоо сумаас зүүн тийш 5-7 км-т оршино. С.Алексейчикийн судалснаар пермийн габбродиорит, биотиттой ба лейкократ гранитад агуулагдсан гранат-эпидотын скарн дотор төмрийн хүдрийн биетүүд агуулагдана. Гематит магнетитийн болон кварц магнетитийн хүдрийн биетүүд нь 600м урт зуравсанд илэрчээ. Хүдрийн биетийн зузаан нь 15-120м хүрнэ. Хүдрийн биетүүд нь скарн болон гранит дотор байрлана. Хүдэрт цэглэн дээжлэлтээр төмөр 55,8%, зэс 5,7 % агуулагдсан байна. Төмрийн хүдрийн таамаг нөөц 10 мян т байна.

 Эрээний төмрийн орд: Орд нь хуучин Эрээн сумаас баруун урагш 16км-т байрлана. Энд В.Сверчкова, О.Литенко нарын судалгаанд дээд протерозойн занар дотор төмөрлөг кварцитийн 6 үе давхарга илэрчээ. Орд нь Хойт, Баруун, Зүүн гэсэн 3 хэсэгтэй бөгөөд тэдгээр нь 1600м урт зурваст байрлана. Хүдрийн 6 биет илэрсний Хойт хэсэг дэх хүдрийн хоёр биет нь гүндээ холбогдоно. Хүдрийн биет нь атираажсан, эмээлийн бүүрэг хэлбэртэй байна.

 Хонгорын төмрийн орд: Орд нь Хонгор сумын төвөөс зүүн урагшаа 10км-т байрлана. Ордын талбайд протерозойн төмөрлөг кварцитийн үе агуулсан кварц филлит-хлориттой занар, цахиурлаг занар, түүний дээр гантигжсан шохойн чулууны зузаалаг байгаагаас С.Сверчков, А.Ефимов нар тогтоожээ. Хонгорын орд төмөрлөг кварцитийн хүдрийн 17 давхарга ба линз хэлбэртэй биет агуулах ба тэдгээр нь атираажсан, 20-65° өнцгөөр налж байрлсан байна. Хүдэржилт нь 2км2 талбайд тархсан, хүдрийн биет нь 500м хүртэл урттай, зузаан хэсэг нь 100м, дундаж зузаан нь 57м байна. Хүдэр нь зурваслаг кварцит болон цул нягт магнетит-гематитийн найрлагтай байна. Хүдэрт төмөр 35-52%, хүдэр 0.5%, фосфор 0.07-0.35% орно. Хонгорын ордын C2  зэргийн нөөц 13 сая.т, таамаг нөөц 50сая.т байна.

 Дөрвөлжингийн төмрийн орд: Орд нь Хар-Айраг сумын төвөөс хойш 55 км зайнд Хэнтий аймгийн нутагт оршино. Орд нь дээд кембрийн гранит болон протерозойн шохойн чулуу агуулсан занар, гнейс бүхий чулуулгийн контактанд байрлана. Энд скарнжих хувирлаар үүссэн скарнд агуулагдсан хүдрийн 4 биеттэй. Скарн нь агуулагч чулуулагтай нийцлэг байрлах ба хамгийн том хойд 1-р биет 380м урт 40-100м өргөнтэй байна. Бусад биетүүд нь жижиг, 40-85м урт, 15-35м өргөнтэй байна.

Хүдэр нь магнетит, мартитаас тогтох ба гялтагнуур ихтэй магнетит-пироксентэй хэсэг тохиолдоно. Хүдэрт төмөр нь 40-60% дунджаар 42.5% цайр 0.7-2.5% орох ба кобальт, никель, титан, ванади, хромын хольцтой байна. Төмрийн таамаг нөөц 12сая.тн байна.

 Чандан уулын төмрийн орд: Орд нь Чандмань уулын ордын талбайд А.Т.Ивановын судалгаагаар дээд кембрийн Мод худгийн массивийн гранит, гранодиорит дотор орших шохойн чулууны контактын хэсэгт гранат-эпидотын найрлагатай скарн тогтоогджээ. Скарнд гематит-магнетитийн линз тохиолдох ба хүдрийн бүсийн хэмжээ 1500 м урт, 100-150 м өргөнтэй байна. Хүдэрт төмөр 52.32%, фосфор 4.16%, зэс 0.06%, цайр 0.19-0.54% орно. Орд дэх төмрийн таамаг нөөц 200сая.т байна.

 Төмөртийн овооны төмрийн орд: Баруун урт хотоос баруун зүгт 18км-т оршино. Орд нь девоны занар ба шохойн чулуутай хурдсыг зүссэн пермийн лейкократ гранитийн хил заагт үүссэн скарн биетүүд холбоотой үүссэн байна. Хүдрийн биет нь 0,25км2 талбайтай магнетит-гематитийн найрлагатай байна. Цул магнетитийн болон шигтгээт хүдэр агуулна. Хүдрийн биетийг гүн рүү 200 метрээс их үргэлжилнэ гэж үздэг.  Хүдэрт төмөр 63% хүрэх ба хүхэр 0,23% агуулагдана. Орд дэх төмрийн хүдрийн геологийн нөөц нь 217 сая.тонн, түүний дотор 30% агуулгатай төмрийн С2 зэргийн нөөц 11 сая.тонн байна. Төмрийн овооны ордтой геологийн тогтоцоороо ижлэвтэр скарны магнетитийн Хол худаг, Цахиурт овооны илрэлүүд нь Баруун уртын дүүрэгт байдаг.

Хүснэгт № 2.  Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл:

 

Бүтээгдэхүүн

х/нэгж

2004

2005

2006

2007

2008

   1

Төмрийн хүдэр

мян.тн

33.5

167.7

180

265.1

1387.4

 

 






Сэтгэгдэл:


Сайн уу
энэ блог одоо ажиллаж байгаа юм болов уу?
Бичсэн: Зочин (зочин) цаг: 21:04, 2016-05-17 | Холбоос | |


hi
hamgin heregtei zuil tawisand bayrlalaa
Бичсэн: Зочин цаг: 16:31, 2013-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax